Жаргалант сумын түүхэн товчоо

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 3 дугаар сарын 31ний өдрийн 17-р тогтоолоор Баянхонгор аймгийн Заг сумыг 2 сум болгож Жаргалант сум байгуулагджээ. Уг тогтоол ёсоор Жаргалант сумыг Заг сумаас 6 баг, Мандал сумаас 1 баг шилжүүлж, 7 багтай байгуулсан байдаг.

Сумын хөдөлмөрчдийн анхдугаар хурлыг 1942 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 6 багаас 29 эрэгтэй, 1 эмэгтэй бүгд 30 хүнтэй хийж сумын захиргааг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан сумын даргаар Бөндгөөн хочит Балганы Батчулууныг, нарийн бичгийн даргаар Содномбалжирын Дэмбэрэлийг сонгож ажилд нь оруулжээ. Сум нь 8 багтайгаар зохион байгуулагдаж сувын төв нь Гяланхай уулын ард Хөндлөн булаг гэдэг газар төвлөрч Хүн эмнэлгийн Сувилагчийн газар, Эд хэрэглэгчдийн хоршооны салбар, Сумын захиргаа байсан байна. Улаан гэрийн эрхлэгчээр З.Тэрбиш, Ч.Цэрэндорж нар ажиллаж байв. 1944 онд гар үйлдвэрийн артель Заг сумаас нүүн ирж тус суманд төвлөрчээ.

Жаргалант сум нь анх байгуулагдахдаа 583 өртэй, 1914 хүн амтай, 75790 толгой малтай байж. 1942 оны 12-р сарын сүүлээр Намын үүрийн даргаар Луг Равдан, 1943 оны 3-р сард МХЗЭ-ийн үүрийн даргаар Балжингийн Чимэд, 1943 оны 4-р сард малын бага эмчээр Цэрэндорж нар томилогдон ажиллаж байв. 1943 оны 5 дугаар сард Хоролдамба багштай 16 хүнтэй бичиг үсгийн бүлгэм байгуулагдаж 1946 онд С.Чойжил захиралтай бага сургууль бий болсон нь өнөөгийн Жаргалант 10 жилийн сургуулийн суурь тавигдсан байна.

1944 онд Гар үйлдвэрийн артель, 1947 онд Сүү тосны завод, 1953 онд 12 өрх 16 гишүүн 455 толгой малтай “Шинэ амьдрал” нэгдэл (дарга нь Ардын хувсгалын партизан Дэлгэр), 1955 онд Холбооны салбар байгуулагджээ. 1957 онд Хөх энгэрийн аманд Оргил (дарга нь А.Лувсандамба), 1957 онд Хөх нуурт Цэцэг нэгдэл (Дарга нь В.Гомбожав) тус тус байгуулагдаж 1959 онд 3 нэгдэл нийлж Шинэ амьдрал нэгдэл болжээ.

1956-1957 онд Нуурийн Ихэр улаан хэмээх газар “Хөх нуурийн цэцэг” нэгдэл, Эгийн давааны өвөр Улаан чулуутын дэнжид “Оргил” нэгдэл, Хөвийн аманд “Шинэ амьдрал” нэгдэл тус тус байгуулагдаж, улмаар 1959 онд “Шинэ амьдрал” нэгдэл хэмээн нэгдсэн байна.

Шинээр нэгдэж байгуулагдсан нэгдлийн даргаар Чулуунбаатар, С.Сундуйжав, Намжилдорж нар ажиллаж байв. 1959 оноос өмнө сумын дарга, нэгдлийн дарга тус тусдаа байснаа 1959 оноос хойш сумын даргад аж ахуйн мэдэл олгож сумын нэгдлийн даргаар нэг хүн ажиллаж болсон байна.

Өмнөх хуваариар бол сумын 1-р багийн нутагт Мандал, Байдраг, 2-р багийн нутагт Цохиот, Хөндлөн булаг, 3-р багийн нутагт Нарийн тээл, Өлзийт мод, 4 багийн нутагт Өртөн тээл, Хэцүүгийн өвөр, Модот оргиу, Ар амууд, Баян мод, 5-р багийн нутагт Шавартын булангаас Хэргэстий хүртлэх голын хойд талын нутаг, 6-р багийн нутагт Яргайтын үзүүрээс Намын даваа хүртэл Таван жаргалант, Ар жаргалант ороод, 7-р багийн нутагт Нуур хатавч,  8-р багийн нутагт Ханхрын амнаас Гяланхай хүртэлх голын урд талын нутаг ордог байжээ.

1957 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 214 тоот тогтоолоор Завхан аймаг дахь Алдархааны сангийн аж ахуйг нүүлгэх тухай шийдвэр гаргаж, Сайд нарын Зөвлөлөөс томилогдсон комиссын саналын ёсоор Заг, Жаргалант, Мандал, Галуут сумдын зааг Байдрагийн голд суурьшуулж, Байдагийн сангийн аж ахуй гэж нэрлэжээ.

4 жилийн дараа буюу 1961 оны 5-р сарын 17-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн 229 тоот тогтоолоор Байдрагийн сангийн аж ахуйг 1961 оны 6-р сарын 1-нээс эхлэн Баянхонгор, Говь-Алтай аймагт үйлчлэх үржил, тэжээлийн станц болгон өөрчилж, Хөдөө аж ахуйн яаманд харьяалуулахаар болсон байна.

1962 оны 1 дүгээр сард сумын төв нүүж, Байдаргийн сангийн аж ахуйтай нэгдэж, Эмээл толгойн өвөрт байрлаж, сумын төвд АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Шинэ амьдрал нэгдэл, Байдрагийн сангийн аж ахуй, Ахуйн үйлчилгээний коминат, Худалдаа бэлтгэлийн анги, Хүний их эмчийн салбар, Харилцаа холбоо, Шатахуун түгээх станц, Эмийн сан, Ажилчны клуб, Авто граж зэрэг үйлдвэр албан газрууд ажиллаж байжээ.

1977 онд Зөвлөлт Холбоот Улсын 70 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр барьж тохижуулагдсан орчин үеийн тохилог төв болжээ. Тухайн үед үржлийн аж ахуйн төвд 10 жилийн сургуулийн байр, яслитай цэцэрлэг, нэг ээлжинд 10 хүнд үйлчлэх халуун ус, жилдээ 25 трактор засах хүч чадалтай засварын газар, найман тогоотой уурын зуур, 400 квт-ын эрчим хүч гаргах чадалтай цахилгаан станц, цэвэр бохир усны систем, 60 айлын орон нууц, сум дундын эмнэлэг зэрэг барилга обьектууд баригдаснаас гадна мал аж ахуйн гурван бригадын төвд улаан булан, контор, цахилгаан станц, халуун ус, цахилгаан худаг, 4-8 айлын орон сууц, эмчилгээ, тэжээлийн цэгийн байр хашаа, мал угаах ванн зэрэг объекууд баригдаж, мал аж ахуйн сууриудад тус бүр 600 эм хонины багтаамжтай нэг бүр нь 340 мянган төгрөгийн үнэ бүхий 50 хашаа, эр сувай малын 24 хашаа, 80 усан сан, 17 цахилгаан ба өрөмдмөл худгийг зөвлөлтийн хөрөнгөөр байгуулан ашиглаж байв.

Сангийн аж ахуйн үндсэн үйлдвэрлэл нь үржлийн мал аж ахуй байсан бөгөөд бүх малын 80 хувийг бог мал эзэлж байжээ. Сангийн аж ахуйн малын тэжээлийг бэлтгэх зориулалтаар газар тариалан эрхэлж, нийтдээ 11000 га эргэлтийн талбайтай, 7500 га талбайд малын тэжээл тариалж, жилд дунджаар 9500-12000 тн ногоон тэжээл хураан авч байсан түүхтэй. Сангийн аж ахуйн нь мал аж ахуйн 6 хэсэгтэй, богийн 4, бодын 2 хэсэгтэй байв. Тухайн үед 60000 хонь, 9000 үхэр, 5000 адуу, 100 тэмээтэй байжээ. САА жилд 7 сая төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан ба хонь нь зуун хувийн цэвэр “Байдраг” үүлдэр болж сүргийн дунджаар нэг хониноос 1.8 кг ноос ашиглаж байжээ. 30 жилийн хөдөлмөрийн үр дүнд чанар хонины тоо толгойг өсгөж, тооны хувьд үйлдвэрийн шаардлагыг хангасан хэмээн ХААЯам үзэж, 1983 онд үүлдвэр болгон зарлаж "Байдраг" голын нэрээр нэрлэхээр тогтжээ.

 

2022-09-13 00:00:00