Мэндчилгээ

Эрхэм хүндэт нутгийн түмэн олныхоо амар амгаланг айлтган мэндчилье.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох 9 дэх удаагийн сонгуульд жаргалтайн дэлгэр Жаргалант нутгийн түмнийхээ итгэлийг өвөрлөн төлөөлөгчөөр сонгогдон, Сумын Засаг дарга хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд томилогдон ажиллаж буй хувь хишигтээ талархан, мөнхүү миний бие та бүхнийхээ итгэлийг даан, хичээнгүйлэн ажиллахаа хариуцлагатайгаар дуулгаж байгаадаа таатай байна.

Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “МУ-ын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, ИТХ дахь улс төрийн намын бүлгүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг тусган Бүсчилсэн хөгжлийн бодлогыг баримтлах, Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах, Олонхыг дэмжсэн эдийн засгийн, Хүний эрхийг дээдэлсэн Засаглалын зэрэг 4 бодлогын хүрээнд 7 зорилго, 27 зорилт, 118 хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаатайгаар боловсруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дугаар тогтоолоор батлагдсан “МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-д манай аймаг хангайн бүсэд багтаж байгаа бөгөөд “ХАНГАЙН БҮС”-ийн хөгжлийн зорилгыг дэлхий дахинд монголын түүх, төрт ёс, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, дэлхийн нүүдэлчдийн соёлын голомт нутаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурлан “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс болно” гэж тодорхойлсоныг та бид мэдэж байгаа.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:

- Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Баянхонгор аймагт дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах

- Орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх хувийн хэвшил, хоршоодыг тэргүүн ээлжинд дэмжих

- Бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, дэмжин хөгжүүлэх

- Баянхонгор аймагт Байдрагийн 30 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих

- Цэцэрлэг хот- Баянхонгор хот чиглэлийн авто замыг барих зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх ажлууд төлөвлөгджээ.

Дээрх бодлогын зорилго, зорилт, үйл ажиллагаа, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан сумын Засаг даргын 2024-2028 оны хөтөлбөртөө:

“БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ын хүрээнд уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлалын төрөлжсөн бүс” болох бодлогыг дэмжих 1 үндсэн зорилт,

“ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ БОДЛОГО”-ын хүрээнд гэр бүлд суурилсан хүний хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчны стандартын хангалтыг нэмэгдүүлэх, залуучууд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ахмад настны нийгэм эдийн засгийн байдлыг сайруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж өрхийн орлогыг нэмэгдүүлэх, инженерийн дэд бүтэц бүхий орон байраар хангагдсан өрхийн тоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын ажлын байрны орчныг сайжруулах, халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг сайжруулах, боловсролын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй болгох 10 үндсэн зорилтыг,

ОЛОНХЫГ ДЭМЖСЭН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО”-ын хүрээнд хөгжлийн зорилт, төсвийн уялдааг хангасан үр дүнд суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх, гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо хангах, үндэсний соёлын өв тээгчдийн тоог нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нийт газар нутгийн 7.3 хувьд хүргэх аймаг орон нутгийн бодлогыг дэмжих, усны нөөцийн хамгаалалтыг сайжруулах, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах зэрэг 7 үндсэн зорилтыг,

“ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО”-ын хүрээнд Хүний эрхийн зөрчлийг бууруулж, шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, төрийн албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг ханган, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд чанарын ахиц гаргах, гадаад харилцааг бэхжүүлэх, орон нутгийн батлан хамгаалах чадавхыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах гэсэн 9 үндсэн зорилтыг тус тус төлөвлөлөө.

Эрхэм нутгийн түмэн минь ээ!

Эх сайхан Монголынхоо хөгжил дэвшлийн түүчээ болж, ард иргэдийнхээ амьдралын чанарт ахиц дэвшил авчирсан, эрүүл аюулгүй орчинтой, бүс нутагтаа тэргүүлэгч аймаг болж хөгжих Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж, орон нутгийн зайлшгүй шаардлагатай асуудлуудыг нэмж тусган боловсруулсан сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд маань дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

 

ТА БҮХЭН МИНЬ ЭНХ ЯВЖ, МӨНХ ЖАРГАХ БОЛТУГАЙ

2025-01-13 10:42:00