Сумын 80 жилийн ой, 80 бүтээлч ажлын хүрээнд

Төрөлх Жаргалант сумын маань 80 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан сумын Засаг дарга Д.Мөнхжаргал, Иргэдийн хурлын дарга П.Баярсайхан, ЕБС-ийн захирал Б.Саранцэцэг тэргүүтэй сум орон нутгийн удирдлагууд Жаргалант сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал бодлоо солилцлоо.

Уулзалтын эхэнд доктор О.Батсайханы санаачилга, урилгаар наймдугаар Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн гэгээнтэн морилон ирж, нутгийн уул ус, зон олны хийморь лундааг өргөсөн ном уншиж, айлтгал хийсэн нь ерөөл буянтай онцгой сайхан үйл явдал боллоо.

Юун түрүүн ойн арга хэмжээ 2022 оны 7-р сарын 18, 19-ны өдрүүдэд болохоор товлогдсоныг нутгийн зон олон та бүхэндээ дуулгахад таатай байна.

Сум орон нутгийн өнөөгийн нөхцөл байдал, хийж бүтээж буй ажлын тайланг сонсож, хийгдэхээр төлөвлөж буй олон ажлуудтай танилцлаа. Ойн арга хэмжээг хэрхэн зохион байгуулж өнгөрүүлэх ажлын талаар санал бодлоо солилцож, хандив хөрөнгө босгох ажлыг зохион байгуулж эхэллээ.

Сум орон нутгийнхаа хөгжилд нэмэр хандив болох хүсэл сэтгэлтэй иргэд, хамт олонд зориулж хандивын данс нээж, нээлттэй танилцуулан, мэдээлж байх юм. Ойн арга хэмжээний зохион байгуулалтын шат дараалсан арга хэмжээг иргэдэд тухай бүрт нь мэдээлнэ.

Өнөөдрийн уулзалт ярилцлагад оролцсон иргэдээс сумынхаа хөгжил болон хөрөнгө оруулалтад зориулан Ч.Чулуунбат 10 сая, Ц.Чандагбал 10 сая, Д.Хүрэлбаатар 3 сая, Алтанцэцэгийн Анхбаяр 1 сая төгрөгийн хандив өргөж, салхийг хагаллаа. Д.Алтангэрэл сумын ойд зориулсан 3000 ш номыг хэвлэх, Х.Мөнхцэцэг сумын ойн медалийг 10 сая төгрөгөөр ивээн тэтгэж хийлгэхээр, зохиолч Соёрхын Пүрэвсүрэн сумын болон сургуулийн номын санд 1000 ном, гэр бүлийн хамт 3 сая төгрөгийг, Х.Намнансүрэн сумын ЭМТ-д хэрэгтэй эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээ тус тус амлалаа.

Маргааш сумын удирдлага МNС телевизийн "Ярилцах цаг" нэвтрүүлэгт оролцон дэлгэрэнгүй ярилцлага өгч, хандивын дансыг зарлана. Иймд иргэд та бүхэн төрөлх сумынхаа 80 жилийн ойд зориулж хийж хэрэгжүүлж буй бүтээлч 80 ажлыг ажил хэрэг болгоход зориулж ах дүүсээрээ, анги хамт олноороо хандивын халуун гараа сунгаж, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Жаргалтайн дэлгэр Жаргалант нутгийнхаа түүхт 80 жилийн ойгоор зол баяртайгаар учран золгохын ерөөл талбия.

2022-03-25 16:19:45