Билгийн тооллын XVII жарны Модон ЛУУ жилийн Сар шинийн золголтоо хийлээ.

Байдраг нутгийнхан Билгийн тооллын XVII жарны Модон ЛУУ жилийн Сар шинийн золголтоо хийлээ. Золголт Улаанбаатар ресторанд болж, Жаргалант сумын ЗДТГ-ын хамт олон, Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Тост Өргөө болон БИТ пресс компаниуд хамтран Байдраг нутгаар овоглосон настан буурлууд, зон олон өргөнөөр оролцсон, халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж, нутаг орны сонин сайхныг сонсон хуучилж, уулзан баярлаж, учран золгосон сайхан баяр боллоо.

Золголтын арга хэмжээнд өдгөө 94 настай өндөр настан Дотоо, сум орон нутгийн олон жил удирдсан Д.Ундмаа, Гавьяат тээвэрчин Ч.Доржготов, Гавьяат эдийн засагч Б.Нанзаддорж, П.Догмидмаа, Ж.Батаахүү, А.Жанлав, Таеквондогийн дэлхийн аварга Б.Отгонбаяр зэрэг улс орондоо хийсэн бүтээснээрээ алдартай олон хүн хүрэлцэн ирлээ.

Уртын дуучин Т.Баянжаргал, морин хуурч Д.Мөнхсайхан, лимбэчин С.Мөнх-Эрдэнэ, дуучин Т.Баяржаргал нар болон бусад нутгийн авьяаслаг сайхан уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөлөө.

Сумын ЗДТГ-ын дарга Б.Өнөрбаяр нутаг оронд хийж бүтээсэн ажлын товч тайлан тавьж, цаашид хийгдэх ажлуудын төлөвлөгөөг ирсэн зочдод танилцууллаа.

Золголтын үеэр цас зудтай хүнд нөхцөлд төрөлх нутагтаа малаа маллан суугаа малчдадаа сэтгэл санааны дэмжлэг өгөх, малын тэжээл худалдан авахад зориулж хандивын аян өрнүүллээ. Нутгийн зөвлөлийн дарга Ч.Гантулга 1 сая, дуучин Т.Баянжаргал саяхан хийсэн тоглолтынхоо орлогоос 500,000 төгрөг, Д.Ундмаа дарга 100,000, 75-р сургуулийн захирал асан өндөр настан А.Жанлав 100,000 төгрөг, П.Догмидмаа 100,000 зэргээр хандивын аян үргэлжилж байна. Мөн Д.Алтангэрэл даргатай ангийнхан 1 сая гаруй төгрөг цуглуулжээ. Зохиолч С.Пүрэвсүрэн хандив цуглуулж, эхний ээлжинд 1 сая төгрөгийг малчдын хандивт шилжүүлсэн байна. Тэрчлэн олон анги хамт олон тус тусдаа хандив цуглуулж буй ажээ.

Нутгийн та бүхэн малчин түмэндээ сэтгэлийн дэм өгч, хандив өргөх данс: 5041542042 Байдраг нутаг сан. Овог нэр, утсаа тодорхой бичнэ үү.

2024-02-22 00:00:00