Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Энхбаяр тус суманд ажиллалаа

Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Энхбаяр, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Д.Төмөрбаатар, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн газрын мэргэжилтэн Д.Батзориг нар өнөөдөр Жаргалант сумд ажиллаж төсөвт байгууллагууд болон ахуйн үйлчилгээний төв, халуун усны газрын үйл ажиллагаатай танилцаж, төрийн өмч, хөрөнгө оруулалтын ашиглалт үр өгөөжийг сайжруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар төрөөс баримталж буй бодлогыг танилцуулж, холбогдох албан хаагчдад мэргэжлийн зөвлөгөө өгч, сум байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийлээ. Ажлын хэсгээс сум орон нутагтаа танигдан, үйл ажиллагаа нь жигдэрч амжилттай ажиллаж байгаа "Байдраг" фото студи, "Тэгүлэн" брэндийн үйл ажиллагааг онцолж сайшаасаны зэрэгцээ эрүүл мэндийн төвийн засварын ажлын тендерийг яаравчлах, арьс шир боловсруулах цехийн үйл ажиллагааг эхлүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хүчдэлийг сайжруулах ажлыг судлан хэрэгжүүлэх, цагдаагийн албаны машиныг шийдвэрлэх, цагаан идээний цех ажиллуулах зэрэг хэд хэдэн асуудлаар хамтран ажиллахаар тогтлоо. Мөн ЕБС-ийн бөхийн сонгоны сурагчдын хүсэлтээр 72 ширхэг матрас бүхий бөхийн дэвжээг төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлснийг гардуулан өглөө.

2025-01-20 11:22:00